Нийгэм

Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Их тойруугийн гудамжинд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай нягт уялдуулан уян хатан байхаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт даалгасан.
Түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж өглөөний 07:45 болон 08:15 цагт хичээл эхлүүлбэл түгжрэлийг 50 хувь бууруулна гэж тооцсон байна.
Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулах асуудлаар судалгааны дүнг танилцуулах, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд байршилтай түгжрэлд нөлөө бүхий төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36, нийт 63 ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.
Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх, дуусах хугацаа, төрийн болон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулах, багш нарыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж, холбогдох газарт уламжлахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!