Нийгэм

Зартай оффшорчдын жагсаалтад багтсан “цэвэрлэгч” Светлана

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум өнгөрсөн долоо хоногт “Пандора баримт” хэмээх оффшор хөрөнгөтэй баячуудын мэдээлэл, жагсаалтыг дэлгэн, дэлхийн анхаарлыг татсан билээ. Тус жагсаалтад ихэвчлэн дэлхийн улс орнуудын өмнөх болон одоогийн удирдагч, улстөрч, олигархиуд багтсан харагдана. Тэдгээр баячуудын жагсаалтыг гүйлгэн үзэхэд ихэнхдээ улстөрч идэр насны эрчүүд байх атал дунд нь нүдний шилтэй залуухан бүсгүй багтсан нь эрхгүй анхаарал татах аж.
Олны анхаарлыг татсан тэр бүсгүйн талаар олон сонирхолтой мэдээллүүд гарчээ. Тэр бол Санкт Петербург хотод цэвэрлэгч хийж байсан, Путины амраг, нууц охиных нь ээж, тэрбумтан, банкир бүсгүй Светлана Кривоногих.
Олонд танигдсан нь
2020 оны сүүлээр анх “Проект” гэх бие даасан мэдээллийн порталын төлөөлөгч нар саятан Светланагийн тухай онцолж байв. Сэтгүүлч, эх сурвалжуудын олж мэдээлснээр Светлана ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маш ойрын холбоотой нэгэн байжээ.
Бага залуу нас
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд цацагдсанаас сонсвол Светлана Александровна Кривоногих 1975 онд мэндэлжээ. Тэдний гэр бүл нутгийн уугуул биш, аав нь Саратов мужаас, ээж нь Ярославаас иржээ.
Хөршүүдийнх нь дурссанаар тэднийх одоогийн Гороховая буюу Дзержинскийн гудамжинд нийтийн байранд амьдардаг байсан аж. Ээж нь барилгын будаг, засварын бригадад орондоо орох завгүй ажиллаж, аав нь бор дарсанд живж, хорихын хаалга татжээ. Харин тэдний ганц охин Светлана хичээл номдоо шамдсаар ахлах сургуулиа дүүргэж, Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан болсон бөгөөд хичээлийнхээ хажуугаар дэлгүүрт цэвэрлэгч хийдэг байжээ. Сэтгүүлч нар шаргуу ажилласаар Светланатай цуг олон улсын эдийн засгийн харилцааны тэнхимд хамт сурч байсан ангийн нөхдийг нь олж уулзсан байна. Гэвч Светлана 2000 онд төгсөж, дипломоо гардаж авсан гэдгээс илүү онцгой юм санах хүн байсангүй.
Хөрөнгөжсөн нь:

Светлана тун удалгүй ээжтэйгээ хамт нийтийн байраа орхин тансаг орон сууцанд нүүж орсон аж. Түүнээс хойш 20 жил өнгөрч, өдгөө тэднийх Санкт Петербург, Москва, Сочи хотуудад орон сууцны болон бусад зориулалтын хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг Светланаг ихэд сонирхож, анх хэрхэн Россия банкинд ажиллаж эхэлсэн, маш богино хугацаанд менежментийн багт элсэн хувьцаа эзэмшигч болсон тухай нь судалж эхэлжээ.
Гэвч түний орлого хэзээнээс эмэгтэйчүүдийн “Релакс” нэртэй компанийн дансаар дамжин ордог болсныг хэн ч тогтоож чадаагүй байна. Ямартай ч өдгөө тэдний гэр бүл “Озон” компани, “Игора” цанын баазын ихэнх хувьцааг эзэмшдэг. Тус цанын бааз Владимир Путины нэр доор үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!