Нийгэм

Сэтгүүлчид эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна

Сэтгүүлчид төрийн ордонд хөл хориогүй нэвтэрч, мэдээлэл түгээхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Арслантай гинжнээс үнэмлэхүүдээ зүүж, хэвлэн нийтлэх, мэдээлэх эрх чөлөө олгохыг шаардав. Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид байр сууриа илэрхийлж, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Бид гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байгаа. Бид хүний мууг үзэх гэж ажилладаггүй. Олон нийт сонгосон гишүүд нь хаана юу хийгээд яваад байгааг, юу бодож, төлөвлөж байгааг мэдэхийг хүсэж байгаа. Хэлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүд хүний эрх, би ярих шаардлагагүй гэж бодож байгаа бол уучлаарай. Ард түмнийг төлөөлж байж үүргээ сайн бодоорой. Өрөөнөөсөө гарч ирэхээс айдаг, сэтгүүлчид мэдээлэл өгдөггүй байдлаа боль оо” хэмээв.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

Төрийн ордон дахь сэтгүүлчдийн хөлийг хорихоо больж иргэдийн мэдэх эрхийг хангуулах хэрэгтэй. Сэтгүүлч мэдээлэл олж авч чадахгүй байна гэдэг иргэдийн нүд чих хаалттай байна гэсэн үг. Өнөөдөр  парламентын  сэтгүүлчид нэгдээд УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Төрийн ордонд ажиллах сэтгүүлчдийн мөрдөх журам гэж байдаг. Тэр журам дахь хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн заалтуудыг эргэж хараач ээ гэж шаардлага хүргүүлж байна. Олон нийт хэвлэлээс их зүйл хүлээж, шаарддаг. Гэвч бид ажлаа хийгээгүйдээ биш, биднийг ажиллах боломжоор хангаж өгөхгүй хоёр жил болж байна. Өөрөөр хэлбэл, биднийг Төрийн ордонд оруулаад хоёр давхарт нь хоттой хонь шиг хашчихдаг. Сэтгүүлч ариун цэврийн өрөө орох гэхээр төрийн хамгаалалтын ажилтан дагаад явж байдаг. Цаашаа Төрийн ордон руу нэвтрэхдээ уулзах УИХ-ын гишүүнийхээ нэрийг хэлж ороод өөр гишүүнтэй уулзах боломжгүй байдаг. Үндсэндээ төрийн ордон шорон болсон. Иргэдийн мэдэх эрхийг огт хангагдахгүй байгаа. Бид цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод чимээгүй олон сар хүлээлээ. Одоо намрын чуулганаар их чухал асуудал яригдана. Тиймээс бид иргэдийн мэдэх эрхийн төлөө Төрийн ордонд чөлөөтэй нэвтэрмээр байна. Төрийн ордны хоёр давхарт таван сэтгүүлч явахаар коронавирус тарна гэх үндэслэлээр биднийг хашиж болохгүй. Өөрсдөө талбай дүүрэн хүн цуглуулж тоглолт хийдэг мөртлөө Төрийн ордонд сэтгүүлчдийн хөлийг хорьж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэйнүүд биш. Бид олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Тиймээс эрх баригчдаас хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна. Бид Төрийн ордон руу чөлөөтэй нэвтэрч, УИХ-ын гишүүд сайд нараас асуух асуултаа асуумаар байна. Эрх баригчид хоёр жил өөрсдийнхөө дууг л дууллаа.

Энэ үеэр сэтгүүлч Т.Оюумаа “Коронавирусээр далимдуулж Төрийн ордон сэтгүүлчдэд хоёр жил хаалттай болсон. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ын гишүүд болон Засгийн газрын хэвлэлийн хурлыг шууд дамжуулахгүй. Энэ зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай байна гэдэг нь ард түмэнд хаалттай байгаа нэг хэлбэр. Тэгэхээр УИХ, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба алба, Төрийн ордны хамгаалалтын алба энэ асуудлыг анхаарч, Төрийн ордны үйл ажиллагааг хаалттай байлгахаа зогсоогооч ээ хэмээв.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!