Нийгэм

С.Энхболд: Ковидоос шалтгаалсан нас баралт олон улсын дунджаас бага буюу 0,4 хувь байна

УОК-оос өнөөдрийн хурлаар гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Ялангуяа үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын ор нийлээд улсын хэмжээнд 27 мянга гаруй ортой ч өнөөдөр 21700 орон дээр ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн хэмжээнд нийт орны 46,9 хувийг, нийслэлийн орны 50,3 хувийг ковидод зориулж дэлгэсэн. Үүнээс цааш ковидод зориулж ор дэлгэх боломжгүй. Учир нь үндсэн тусламж үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдээ авч чадахгүй байдалд хүрнэ. Эдгээр 21600 хүнээс 12 мянга гаруй нь хөнгөн байгаа бол хүнд, хүндэвтэр, маш хүнд хүн нь 10 мянга гаруй нь гэсэн үг. Бусад улстай харьцуулахад манайх маш өндөр хувьтай байна. Жишээ нь АНУ-д идэвхтэй тохиолдол 9800 байхад эмнэлэгт 83 мянган ор, Францад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэн ажиллаж байна. Манай улсын халдварын идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21600 ор дэлгэсэн /24,4 хувь/ буюу хамгийн өндөр хувьтай байгаа нь нас баралтыг бага түвшинд барьж чадаж байна.

Мөн дархлаажуулалт өндөр хувьтай буюу нийт хүн амын 65,4 хувийг вакцинжуулсан, нас баралт олон улсын дунджаас бага буюу буюу 0,4 хувь байна. Манай улс хамгийн бага нас баралттай улсын есдүгээрт бичигдэж байна. Эхнийх нь Сингапур улсад 83 мянган тохиолдлоос 73 хүн нас барсан буюу 0,1 хувьтай. Тиймээс цаашид бид ард иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих, даван туулж чадна гэсэн бүрэн итгэлтэй байна.

Мөн бид эрэмбэлэн ангилалтыг нарийн зохицуулах тушаал гаргалаа. Өчигдөр гэхэд нэн хүнд маш эрсдэлтэй, эмнэлэгт хэвтэж чадахгүй 200 хүн байсныг харьяа эмнэлгүүддээ татан авсан. Нэн шаардлагатай өвчтөнүүдээ эмнэлэгтээ татан авах эрэмбэлсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Эхний ээлжид архаг суурь өвчтэй, жирэмсэн, ахмад настай хүмүүсээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 288 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Өдөрт дунджаар 13 мянган хүн хамрагдаж байна гэсэн үг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!