Зөвлөгөө

Зөвлөгөө 2: Таныг аз жаргалтай болгож эрч хүч өгөх энгийн 7н хэв маяг.

Бид бүгд л бие махбод болон сэтгэлзүйн хувьд ядардаг. Гэвч хамгийн гоё нь амьдралын хэв маягаа өөрчлөхөд л эрч хүчээр дутахгүй, цовоо сэргэлэн болох бүрэн боломжтой байдаг билээ. Ингээд та бүхэнд амьдралдаа хэвшүүлбэл зохих долоон хэв маягийг танилцуулаж байна.

1. ТЭНЦВЭРТЭЙ ХООЛЛОЛТ

Мэргэжлийн хоол зүйч нарын зөвлөснөөр хүн өдөрт 3-4 цаг тутамд хооллож байх хэрэгтэй. Гэхдээ мэдээж хүн бүрийн амьдралын хэмнэл өөр байх тул энэ тоо ч мөн хэлбэлзэх аж. Тиймд өлсөх болон цадах мэдрэмжээ анхаарал хандуулаарай.

Мөн өглөө болон өдрийн хоолоо идэхгүй байх нь эрч хүчийг чамгүй их хэмжээгээр бууруулдаг тул заавал идэх хэрэгтэй. Өдрийн хоолондоо дан ганц уураг болон нүүрс ус агуулсан хүнснээс гадна эслэг, амин дэм зэрэг хүний биед зайлшгүй шаардагдах элементийг хэрэглэж байх нь чухал юм.

2. ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ УС УУХ

Бидний биед усны шаардлагагүйгээр ажилладаг эрхтэн тогтолцоо гэж үгүй. Жишээлбэл, ус бага ууснаар зүрхэнд цусыг эргэлдүүлэхийн тулд илүү ачаалах шаардлага гардаг. Цаашлаад бодисын солилцоо удааширснаар эрч хүчгүй болсон мэт мэдрэмж төрнө. Иймээс байнга ядарсан, сулбагар мэт мэдрэмж төрөх нь ус бага уудагтай чинь ч холбоотой байж болох юм.

3. НОЙРОО САЙН АВАХ

Мэдээж эрч хүч нь нойртой салшгүй холбогдоно. Судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт дунджаар 7-8 цаг, хүүхэд 9-10 цаг унтах шаардлагатай байдаг нь тогтоогдсон. Гэхдээ биеийн хүчний дасгал хийдэг бол үүнээс ч их унтах нь зүйтэй.

4. КАФЕЙНААС ТАТГАЛЗАХ

Кофе, энергийн ундаа тэргүүтэй бүтээгдэхүүнд ихээр агуулагдах кафейн гэх бодис нь бидний биед богино хугацаанд эрч хүч өгөх чадалтай ч түүнээс ч их хүчийг эргүүлэн авдаг гэдгийг мэдэх үү? Өглөө бүрийг кофегоор эхлүүлэх нь тийм ч буруу зүйл биш ч гэлээ өдрийн эрч хүчээ кофенд даатгасаар байвал эцэст нь кафейн агуулсан хүнсэнд дасал болох эрсдэлтэй.

Кафейн агуулсан бүтээгдэхүүнүүд: Кофе, ногоон цай, шоколад, энергийн ундаа, бохь.

5. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Өдөр тутамдаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр эрч хүч ч дагаад нэмэгддэг. Учир нь дасгал хийсний дараа биед “аз жаргалын” гэх тодотголтой эндорфин даавар ялгарч, зүрхний цохилт хурдсаж, цусны эргэлт сайжирдаг билээ.

6. СТРЕССЭЭ БАГАСГАХ

Хэт их стрессдэх нь эрч хүчийг бууруулаад зогсохгүй нойронд муугаар нөлөөлдөг. Нойроо хангалттай авч чадаагүй хүн өдрийн цагаар ядарсан, уур уцаартай байх бөгөөд дахиад л стресстдэг. Өөрөөр хэлбэл стрессийн тойрогт л орчихдог гэсэн үг.

Тиймээс өөрийн сонирхдог зүйлээ хийж, дуртай хөгжмөө сонсон стрессээ тайлж хэвшээрэй.

7. СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАХ

Хүний эрч хүч бие махбод болон сэтгэлзүйн хоёр хүчнээс бүрэлддэг. Нэгэнт дээрх зургаан дадлыг амжилттай хэвшүүлсэн бол сэтгэлзүйн эрүүл мэнддээ ч мөн анхаараарай. Жишээлбэл, гэрийн даалгавраа хийсний дараа, хэт их чимээ шуугиантай газраас гарч ирсний дараа танд сэтгэлзүйн хувьд амралт хэрэгтэй. Тиймээс бясалгалыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!