uncategorized

Эрхийнхээ төлөө тэмцсэн эмэгтэйчүүдийн жагсаалыг талибууд нулимс асгаруулагч цацан тараажээ


Кабул хотноо эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө жагсаал хийсэн боловч Талибан хөдөлгөөнийхөн тараасан байна. Жагсагч эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн ордон руу орохыг оролдсон боловч талибууд тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацан, цахилгаан бороохой ашигласан гэжээ.
Талибууд эмэгтэйчүүдийн толгой руу цохиж байсан гэж жагсаалд оролцогсдын нэг нь Ройтерс агентлагт ярьсан байна. Харин Талибан хөдөлгөөнийхөн жагсаал хяналтаас гарсан гэж мэдэгдсэн байна.
Талибууд Афганистаныг эзэлсний дараа Кабул болон Герат хотод хэд хэдэн удаа жагсаал болжээ. Эмэгтэйчүүд ажил хийх, улсын ажилд оролцох эрхийнхээ төлөө тэмцсэн байна. Талибан ойрын хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулна гэж мэдэгджээ. Ганц ч болтугай эмэгтэй хүнийг шийдвэр гаргах түвшний албан тушаалд тавихыг зарим нь хүлээж байгаа аж. Учир нь талибууд Кабулыг эзэлснийхээ дараа эмэгтэйчүүдийн ажил хийх эрхийг хүндэтгэнэ гэж хэлж байсан юм.
Афганистаны Tolo хэвлэлд нэгэн сэтгүүлч эмэгтэй “25 жилийн өмнө талибууд ирээд миний сургуульд явах эрхийг хассан” гэж ярьжээ. Эмэгтэйчүүд жагсаал хийнэ гэдэг Афганистанд ховор үзэгдэл аж. Ихэнх хүмүүс Афганистанд 1996-2001 оны үеийн талибуудын засаглал дахин давтагдах вий хэмээн эмээж байгаа юм. Тухайн үед шариатын хуулийг мөрдөж, охид боловсрол эзэмших, эмэгтэйчүүд ажил хийх, орчин үеийн хувцас өмсөх, эрэгтэй хүнгүйгээр гадагш гарах эрхгүй байв.
Нөхрөө хуурсан эмэгтэйчүүдийг чулуугаар цохих, хулгай хийсэн бол гарыг нь тайрч, хүүхэд хулгайлсан хүмүүсийг олны өмнө дүүжилдэг байжээ. Мөн хумсаа будсан эмэгтэйчүүдийн хурууны үеийг нь тайрч байв.
Харин энэ удаад Талибан исламын үнэт зүйлтэй уялдуулан эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэдэг болсноо зарлаж, өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт ажилладаг эмэгтэй ажилчдыг ажилдаа орохыг уриалжээ.
Эх сурвалж: ВВС

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!