uncategorized

ЗАРЛИГ: Олимпоос медаль авсан Монгол Улсын иргэнд насан туршид олгох урамшуулал

Токио 2020 олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай өрсөлдөж байгаагаас өнөөдрийн байдлаар Саиед Моллай мөнгөн медаль, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байна.
Эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, олимпын наадам, олимпын спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, амьдралын баталгааг нь хангах зорилгоор төрөөс тогтмол урамшуулал олгодог.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос эхлэн үе үеийн Олимпын наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгож эхэлсэн юм.
Тухайлбал, Олимпын наадам(Зуны олимп, өвлийн олимп, пара олимп)-аас
алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая,
мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая,
хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн урамшууллыг сар бүр олгодог.
Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд
алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая,
мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая,
хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар тутамд олгож байна.
Ингэхдээ тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцдог байна.
Түүнчлэн урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт суулгах бөгөөд шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байхаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ. Үүний зэрэгцээ олимпын наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал нэг жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох боломжтой юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!