Нийгэм

Цахим “НААДАМ” биш амь аврах амьсгалын аппарат хүсч байна

Эмч нар дуугарч эхэлжээ. Өргөсөн тангарагтаа хүлэгдэж, өчнөөн удаан явсан тэд эхнээсээ тэсэрч буй бололтой. Тэд нэг л өдөр амь биш, заяа биш гээд эмнэлгээ хаяад гарвал гайхах зүйл алга. Өчнөөн олон хүнийг алдчихлаа гээд өөрсдийгөө буруутгаж байна. Одоо дахиад зуу зуун хүн тэднээс аврал эрэн эмнэлгийн орон дээр тарчилж байна. Тэднийг яажшуухан аврахав гэж эмч нар өдөр, шөнөгүй тархиа гашилгаж, хүчээ барж байна. Хүн хүч, тоног төхөөрөмж нь хүрэлцэхгүй хүчилтөрөгчийн баллонаас чагнуураараа салаалж, өвчтөнөө амьсгалуулж байна. Бид Энэтхэгийг гайхан шагшиж байлаа, одоо Монгол яг л тэр түвшинд хүрч. Өдөрт багадаа л 10 хүн алдаж байгаа эмч нарын сэтгэлзүй амар биш, тиймдээ ч тэд дуугарч, “Монгол Улс ковидыг байж болох хамгийн өндөр түвшинд алдсан” бодит үнэнийг хэлж байна.
Гэтэл манай хаад наадах гэнэ. Уг нь нөхцөл байдлыг үнэлж, наадмыг хойшилж эсвэл цуцлах болов уу гэсэн хүлээлт ард түмэнд байлаа. Харин Засгийн газар өчигдрийн хуралдаанаар цахим наадмыг яг цагт нь хийнэ гэсэн шийдвэрийг баталгаажуулчихав. Иргэдийн эрүүл мэнд, амь нас дараагийн асуудал болон үлдсэн гэсэн үг. Бодвол харц бидний сэтгэл санааг өргөх гэсэн юм байлгүй. Гэхдээ яанаа, өдөрт 2000 гаран хүн халдвар авч, 10 хүн амь насаа алдаж байхад ямар ч баяр наадам сэтгэл санааг тайван амгалан болгож чадахгүй нь дээ. Ард түмэндээ бүхэлдээ айдас, бухимдалтай байна. Эрүүл гээд гишгэх газаргүй, бүхэлдээ халдварт бүрхэгдчихээд хэзээ өвдөх бол гэсэн айдастай амьдарч буй. Дээр нь хаад наадна гэсэн мэдээ бухимдлыг улам өрдчихлөө. Шинэ Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, УИХ-ын дарга, гишүүд нь, эрх мэдэлтнүүд нь хотын гадна гарч, амралт хөлслөөд, өмнөө уран бүтээлчдээр тайлан тоглолт хийлгэж, бөхчүүдийн уран мэхийг гайхан магтах гэнэ. Тэгээд тэр баяр цэнгэлийнхээ видео бичлэгийг харц ардуудад үзүүлнэ гэв. Үүнээс илүү хоржоон юу байхав гэж байтал дууссангүй. Засгийн газраас ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргачихлаа. Найр наадмаа хойшлуулаагүй байж, боловсролын асуудлыг ар тийш нь шидчихэв. Энэ жилийн ЭЕШ-ыг 40 420 хүүхэд өгнө. Аймаг бүрт, нийслэлд хуваагдаад өгчихдөг, хаадын наадам шиг ганцхан газар бөөгнөрч цугладаггүй. Багахан сэтгэл, зохион байгуулалт хийчихэд л болчих асуудлыг хойш нь тавьчихаад сэтгэл амар наадамлах гэнэ, манай төрийнхөн. Энэ улсад эрүүл мэнд, боловсрол бол найр наадмын дараа орох жижигхэн асуудал аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 482 хүн коронавирусийн халдвараар нас барчихлаа. Өдөрт 10-аар нь алдсаар байвал мөдхөн 500 гээд цааш явах нь. Амьсгалын аппарат хүрэлцэхгүй, өвчтөн нь орон дээр тарчилж, эмч нь амь аврахын төлөө тарчилж байна. Арга ядсандаа эмч нар гэр бүл, найз нөхдөөрөө мөнгө цуглуулж, эмнэлэгтээ аппарат авч байна. Бүр арай ядаад амьсгалын аппаратаа нааш цааш зөөж, эцэст нь чагнуураараа хүчилтөрөгч салаалж, өвчтний амь насны төлөө тэмцэлдэж байна. Ийм байхад л баярлаж наадах гэнэ. Хүчилтөрөгчийн аппарат авах биш өөрсдөдөө зориулж наадам хийгээд, тэрнийхээ бичлэгийг харц бидэнд үзүүлэх гэнэ. Ийм тохуурхлыг тэвчээд сууж буй бид ч азгүй ард түмэн л дээ. Хэсэг бүлгийн эрх ашиг, эрх мэдлийн дор толгой бөхийлгөн амьдардаг хувь тавилантай. Эмнэлгийн гаднаас ингэж мянгантаа орилоод ч төрийн эрх мэдэлтнүүд сонсохгүй, харахгүй биз. Харин дотор нь үхэлд амьдралтай тэмцэлдэж байгаа эмч нарын үгийг ядаж сонсоосой доо. Тэд цахим наадам биш амь аврах амьсгалын аппарат хүсч байна.


Эх сурвалж: Shuud.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!