Нийгэм

Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох уу?

Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох уу?

Улсын баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ой болоход яг нэг сарын хугацаа үлдээдээд байна. Тэгш ой тохиосон түмний их баяр цэнгэл наадмыг У.Хүрэлсүх гэдэг шинэ Ерөнхийлөгчтэй угтах нь. Одоогоос хоёр жилийн өмнө буюу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Цолыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах ёстой байсан ч “Нутгийнхаа бөхөд чи цолыг нь гардуул” хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд өгч байсныг бөхийн хорхойтнууд санаж буй байх. Гэвч Э.Оюунболд допингийн төрлийн бодис хэрэглэж, тухайн наадамд түрүүлсэн болох нь тогтоогдсон. Улмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөж олгох шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжээгүй хэвээр л байна. Тэгвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох шийдвэрийг Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө гаргах уу, эсвэл шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны шийдвэр байх уу гэдэг хүлээлт ард түмний дунд бий болжээ. Эргэн сануулахад, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн. Гэвч улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нар допингийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон билээ. Энэ асуудалтай холбогдуулан, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолд “2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьд даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих” хэмээсэн байдаг. Гэтэл улсын аварга Э.Оюунболдын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж хууль шүүхийн байгууллагад хандсан бөгөөд үүний улмаас түүнд өвдөг шороодсон Н.Мустафа, Б.Цэдэнсодном, Д.Анар, Ц.Содномдорж, Н.Батсуурь нарын бөхчүүд зохих цол, чимгээ хүртэж чадалгүй Ардын хувьсгалын 99 жилийн ойн буюу 2020 оны наадамтай золгосон байдаг юм. Улмаар дээрх маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор эцэслэн хэлэлцэж Э.Оюунболд буруутайг баталсан байдаг. Т.Түмэндэмбэрэл: Ерөнхийлөгчийн тамгын газраас хариу ирээгүй байна Дээрх шийдвэр эрх бүхий байгууллагуудыг дамжсаар 2021 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газарт хүрсэн боловч ерөнхийлөгчийн шийдвэр гаралгүй тавдугаар сартай золгосон. Улмаар тавдугаар сарын 17-ны өдөр МҮБХ-оос Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ахин хүсэлт явуулсан билээ. Уг хүсэлтийн хариу ирсэн эсэх талаар МҮБХ-ны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлээс тодруулахад “Ерөнхийлөгчийн тамгын газраас манай холбоонд ямар нэг хариу ирүүлээгүй байна. Бид Ерөнхийлөгчийн тамгын газраас хариу ирмэгц нь олон нийтэд мэдээлэх болно” хэмээсэн юм. Монгол үндэсний биет бус өвийг тээж яваа Үндэсний бөхийн спорт дотоодын тэмцэл, цолны найраа, энэ дундаа допингийн асуудлаас болж жил ирэх тутам нэр хүнд нь буурч, үнэнч үзэгчдээ алдаж байгаа нь харамсалтай хэрэг. Бидний мэдэхээр Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар найм давж үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, зургаа давж шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва, зургаа давж шөвгөрсөн аймгийн арслан Б.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрснийг тухайн бөхчүүд хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйсан болоод өнгөрсөн. Гэтэл улсын Ерөнхийлөгч нь хүртэл допинг хэрэглэсэн нь шүүхээр тогтоогдсон Э.Оюунболдын асуудлыг нэг тийш нь болгохгүй хоёр жил гацааж байгаа нь нэг талаасаа допингийн асуудлыг өөхшүүлсэн үйлдэл болж байна. Уг нь улсын аварга Н.Батсуурьд даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цолыг нь нөхөн олгочивол энэ жилийн наадам ярих юмтай л наадам болно доо.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!