Нийгэм

Дэслэгч Д.Гялбуужамц талийгаачаас архины мөнгө нэхэж, цэргүүдийнх нь өмнө хэрцгийгээр зоджээ

БАЙЛДАГЧ НАР Ц.Б-Г ЦОХИЖ УНАГАЧИХААД ТОЛГОЙ РУУ НЬ ӨШИГЛӨӨД, ХАРААГААД БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

 Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Ц.Б салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Байлдагч  Ц.Б нь  Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр Биокомбинатад байрлах 326 дугаар цэргийн ангидаа бусдад зодуулснаас ухаан алдаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хүргэгдэж ирсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд юу болж өрнөсөн, гэмт хэрэг юунаас болж гарсан бэ гэдгийг мөрдөн шалгаж байна. Бид хүн амины ноцтой хэрэг гарсан цэргийн ангид тэр өдөр юу өрнөсөн талаар нэхэн сурвалжилснаа дэлгэрэнгүй хүргэж байна.

АРХИДАН СОГТУУРСАН  ДЭСЛЭГЧ НАР ЦЭРГҮҮДЭЭС АРХИНЫ МӨНГӨ АВАХ ГЭЖ КАЗАРМ РУУ ОРЖЭЭ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд болон дарга цэргүүд марш тактикийн тэмцээнд бэлдэхээр Тавантолгойн цэргийн анги руу явцгаасан байжээ. Өөрөөр хэлбэл, тус анги удирдлагагүй болж, хяналт шалгалт суларсан байсан гэсэн үг юм. Уг нь ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч үлдсэн боловч тэр өдөр эрт гэр рүүгээ явсан бололтой юм. Ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар Биокомбинат орж согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурчээ. Дэслэгч, ахлагч нар нийлж, хэд хэдэн шил архи хуваан уусан байна. Ингээд цэргүүд байрлаж байсан казарм руу орсон байна. Уусан архиндаа согтож, улаан зээрд болсон дарга нар цэргүүдийг номхон зогсоож, айлган сүрдүүлж дарамталж эхэлжээ. Бүр цэргүүдийг зодож нүдэж, “Архины мөнгө хурдан гаргаж өг”хэмээн агсан тавьсан гэнэ.

Ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч үлдсэн боловч тэр өдөр эрт гэр рүүгээ явсан бололтой юм. Ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар Биокомбинат орж согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурчээ

       Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэрэг гарах үед 20 гаруй цэрэг номхон зогсож байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, талийгаач 21 настай залууг цэргүүдийнх нь нүдэн дээр зодож, ухаан алдуулсан гэсэн үг юм. Байлдагч нар “Дэслэгч Д.Гялбуужамц талийгаач Ц.Б-г нүүр рүү нь цохиж газарт унагасан. Чи муу яг одоо хэн нэгэн рүү утасдаж мөнгө авч өг. Би архи уумаар байна. Өөдөөс яасан их хуцдаг г….., чамайг ална даа”  гээд л  хашхирч,  хайр найргүй өшиглөж, зодсон гэх. Ингэхдээ толгой руу цэргийн хар гутлаар дамналдуулан хэд хэдэн удаа хүчтэй  өшиглөсөн байна. Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад ухаан алдаад уначихсан байна. Хамаг бие нь салгалж, амнаас нь цус гоожиж, шалан дээр хөдөлгөөнгүй хэвтжээ. Салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамц хамт байсан цэргийн дарга нар нь салгаж болиулсан гэнэ.

Байлдагч Ц.Б ухаан орохгүй байсан учир ангийн өөр удирдлагуудад энэ талаар мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дууджээ.  Мөн эмч нар ирснээс хоёр цагийн дараа  Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус ангид иржээ. Хэрэг явдал ингэж л өрнөсөн байна. Салааныхаа цэргийг дэслэгчид зодуулж амь тавин бусдаас аврал ирж байхад 20 гаруй цэрэг бүлтийтэл хараад зогсож байжээ. Өөрөөр хэлбэл, тэд удаа дараалан дэглүүлж, байнгын дарамт шахалтад байсан учир хэн нь ч тэрхүү зодуурыг болиулж чадаагүй бололтой.

Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад ухаан алдаад уначихсан байна

БАЙЛДАГЧ НАР:    Дэслэгчээс эхлээд дарга нар цэргүүдээс байнга мөнгө нэхдэг. Тэдний дарамтнаас айгаад аав, ээж, хамаатан садан, найз нөхдөөсөө мөнгө гуйдаг байсан

         Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргүүд хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Манай ангийн дарга нар биднээс мөнгө байнга нэхэж дарамталдаг байсан. Түүнээс болж цэргүүд дарамтад орж, хэнээс хаанаас яаж мөнгө авч, дарга нарын дансанд оруулах вэ гэж шаналдаг болсон. Нэр бүхий дарга нарын дансанд байнга 10-20 мянга, зарим үедээ 50 мянган төгрөг хүртэл хийж байсан тохиолдол бий. Эхлээд аав, ээж рүүгээ ярьж мөнгө авдаг байсан. Дараа нь ах, эгч, дүү, хамаатан садангуудаас хүртэл мөнгө гуйж ярьдаг. Бидний өгсөн мөнгөөр архи авч уудаг байсан байх”гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.

ТАЛИЙГААЧ ЦЭРГИЙН ЭЭЖ Б.БАТТУЛГА:  Миний хүү сандарч,  тэвдсэн байдалтайгаар  “Ах аа, та над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гээд утсаа тасласан гэсэн

 Цэргүүдийн өгсөн мэдүүлгийг батлах өөр нэг баримт нь талийгаач цэргийн ээж Б.Баттулгын яриа юм. Тэрбээр Өмнө нь хэд хэдэн удаа хүүтэйгээ утсаар ярьж, очиж уулзаж байсан. Дарамтлуулдаг гэж ганц ч удаа хэлж байгаагүй. Харин байнга аав, ээж рүүгээ залгаад “Тав, найм, арван мянган төгрөг өгөөч” гэж ярьдаг байсан. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 6-нд аав руугаа залгаад “10 мянган төгрөг өгөөч” гэж хэлсэн байгаа юм. Нөхөр маань хүүгээсээ “Миний хүү дарамтлуулаад байгаа юм уу. Яагаад, хэнд өгөх гээд мөнгө аваад байдаг юм бэ” гэж асуухад нь “Бидэнд хэрэг болдог юм аа. Хүнд дээрэлхүүлж, дарамтлуулаагүй” гэж хэлсэн байна лээ. Тэгээд хүүдээ “Аав нь дахиж мөнгө өгч чадахгүй. Цэрэгт алба хаахад мөнгө хэрэг болдоггүй шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Аав нь мөнгө өгөхгүй гэж хэлсэн учраас өчигдөр миний төрсөн ах руу залгаад “Ах аа, та над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гээд утсаа тасалсан гэсэн. Ярихдаа маш их сандарсан, тэвдсэн байдалтай байсан гэсэн. Тэгээд л орой нь гэнэт ухаангүй, эмнэлэгт байна гэж дуудлага ирсэн. Итгэлийн Энхтөгс гэж хүний данс руу мөнгө явуул гэдэг. Бид тэр хүний данс руу нь л явуулдаг. Бидний мэдэж буйгаар салааны дарга нь юм шиг байна лээхэмээн манай сайтын сэтгүүлчид ярилцлага өгсөн байдаг.

Цагдаа нар хүн амины ноцтой хэргээс гадна 326 дугаар ангийн дарга нар цэргүүдийг дарамталж, ар гэрийнхнээс нь мөнгө авдаг байсан асуудлыг шалгаж байна. Одоогоор бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан сэжиглэгдэн шалгагдаж байгаа Д.Гялбуужанцангаас эхлээд салаан дарга И.Энхтөгс тэргүүтэй 20 гаруй хүний хувийн дансыг шалгаж эхэлжээ. Тэд цэргүүдээс мөнгө авдаг байсан нь мөрдөн байцаалтын эхний шатанд тодорхой болоод байгаа аж.

ЦЭРЭГТ ИРЭЭД УДААГҮЙ БАЙХДАА ТАЛИЙГААЧ ХЭН НЭГЭНД ЗОДУУЛСНААС ТАРХИНДАА ЦҮЛХЭНТЭЙ БОЛСОН БОЛОЛТОЙ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч Б.Хандмаа Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор “Байлдагч манайд гуравдугаар сарын 29-ний шөнө 01:39 цагт биеийн байдал нь маш хүнд, ухаангүй, комын байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 30-ны 23:15 цагт нас барсан. Онош нь тархины цус харвалт, төвийн гаралтай амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаагаар нарсан барсан гэж тогтоогдсон. Тархины цус харвалт нь гаднын нөлөөтэй эсэхийг нь бид мэдэхгүй. Үүнийг нь хууль, шүүхийн байгууллага тогтоох байх. Байлдагч ирснээсээ хойш ухаан ороогүй. Анх цүлхэн үүссэн гэсэн оноштой ирсэн. Эмчлэгч эмч таамаглал дэвшүүлэх боломжтой. Цүлхэн гэдэг нь хүнд байж болдог эмгэг. Үүнийг нь гаднаас нь хараад хэлэх боломжгүй. Судасны ангиографикаар тогтоодог. Эмч нар онош тавихдаа ялган оношилгоо хийдэг. Гадна талдаа уруул нь сэтэрсэнээс өөр илт мэдэгдэх шарх, сорви байгаагүй” хэмээсэн.

Өөрөөр хэлбэл, талийгаач ханиад хүрээд түүнийгээ эмчилж чадаагүйгээс болоод хатгалгаа өвчин туссан. Мөн цэрэгт ирээд удаагүй байхдаа тархиндаа гэмтэл авч, цүлхэн үүссэн байх магадлалтай байгааг эх сурвалжууд онцолж байгаа юм.

ЦЭРГИЙН АНГИЙН АЛБА ХААГЧИД АРХИНД “ЖИВЖ” БАЙНА

Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас гадна Монголын батлан хамгаалах салбар тэр чигтээ архинд “живсэн” гэж болохоор байгаа гэнэ. Цэргийн ангийнхан өглөө, орой ажлаасаа тарахдаа архидан согтуурдаг. Бүр мөнгө нийлүүлж, ажлынхаа автобусанд уудаг байдал газар авсныг ар гэрийнхэн нь нэг бус удаа гомдоллосон байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, дарга, цэрэггүй дундаа орж архиддаг байдал энэ бүхний эхлэл ажээ. Мөн ангид жижүүрээр хоносон цэргийн алба хаагчид нийлж архи уудаг. Бүр ажлаа хийхгүй архидаад алга болчихдог тохиолдол ч цөөнгүй гэнэ.

Дарга нар нь ангидаа архидаж байхад хал цэргүүд нь шинэ цэргээ дэглэдэг. Тэдний дэглэлт дарамтыг арай хийн давж байхад ахлагч, дэслэгч нар нь нэг нэгээрээ орж ирээд мөнгө нэхээд зодож нүдээд, нойр хоолгүй дэглэж дарамтлаад байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, Монголын зэвсэгт хүчин тэр чигтээ цэргүүдийг яргалал, дарамт, шахалт, хэн нэгнээсээ мөнгө дээрэмддэг, шорон гяндангаас дор газар болон хувирсныг нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд гэрчилж байна. Монголын зэвсэгт хүчинд шинэчлэл хийхгүй бол цаашид нь энэ яргалал дуусахгүй нь ээ. Хэчнээн хүний амийг авч байж, энэ яргалал, тамлал, дэглэлтээ цэглэх вэ, Батлан хамгаалах салбарынхаан.

Монголын зэвсэгт хүчин тэр чигтээ цэргүүдийг яргалал, дарамт, шахалт, хэн нэгнээсээ мөнгө дээрэмддэг, шорон гяндангаас дор газар болон хувирсныг нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд гэрчилж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!