Нийгэм

Охиноо эмчлүүлэхээр, Улаанбаатарт ирээд таван жил ЧИНГЭЛЭГТ АМЬДАРСААР ИРСЭН…

Өвчтэй охиноо эмчлүүлэхээр нийслэлд ирсэн гэр бүл таван жил чингэлэгт амьдарч байгаа талаар ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр онцлон сурвалжилжээ.

Иргэн З-гийн гэр бүл энэ чингэлэгт таван жил амьдарчээ. Зүрхний хавсарсан эмгэгтэй хүүхдийнхээ төлөө залуу гэр бүл орон нутаг дахь хашаа, байшингаа зараад, хотод ирж байсан байна.

 

Тэд “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмчтэй уулзаж, хүүхдээ эрүүл саруул болгохыг хамгийн ихээр хүсэж байгаагаа илэрхийлж байв.

Иргэн З нь 29 настай ба 2014 онд нөхөртэйгөө танилцаж, жилийн дараа эхний хүүхдээ төрүүлж байжээ. Харамсалтай нь, охин нь 2 сартай байхдаа зүрхний хавсарсан эмгэгтэй болох нь оношлогдсон байна. Түүнээс хойш гурван сард нэг удаа эмчийн хяналтад орж, сэхээн амьдруулах тасагт ч хэдэнтээ эмчлүүлж байжээ. Охинд хийх хагалгаа нь Энэтхэг улсад 50 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Энэ их мөнгийг хурдан хугацаанд олоход бэрх учир сүмийн тусламжтай явах арга хөөцөлдөж байгаа гэлээ.

Энэ гэр бүлийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь охиноо эрүүл, саруул болгох юм. Иймээс өвчнөөс болж шаналж байсан олон хүүхдийн итгэл найдвар болсон Б.Болдсайхан эмчтэй уулзахыг маш их хүсэж байгаа.

Тэдний гэр болсон чингэлэг нь тог цахилгаангүй тул хааяа айлаас гуйж цахилгаан холбодог ажээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан залуу гэр бүлд 500 мянган төгрөгийн тусламж үзүүлэхийг хүссэн ч тэд авахаас татгалзжээ.

Хүүхдээ л эрүүл саруул болгочихвол бүх зүйлийг бид өөрсдөө бүтээж чадна гэдгээ залуу гэр бүл итгэл төгс хэлж байлаа. Тус гэр бүл амьдардаг чингэлэгтээ автомашины тос, масло зардаг бөгөөд ийм орчин хүний биед үргүй болох хүртэлх сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Сөрөг нөлөө аль эртнээс ой 7 сартай бага охинд нь нөлөөлж эхэлсэн талаар хосууд ярьж байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!