Нийгэм

Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй ч эрүүгийн хэрэгт татагдан оролцмооргүй байна

Ардчилсан намынхны дотоод зөрчил намын даргын сунгаагаар үргэлжилсээр байна. Тус намын нэг хэсэг нь намын даргынхаа сунгааг өнгөрсөн долоо хоногт зарлаж, нэр дэвшигчдээ бүртгэсэн бол нөгөө хэсэг нь ирэх 19-20-ны өдрүүдэд нэр дэвшигчдээ бүртгэхээ мэдэгдсэн.

УИХ-ын сонгуулийн маргааш нь намын даргынхаа сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл эхний зарлагдсан сунгаанд оролцохоо мэдүүлээд байсан ч өнөөдөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж аваагүй. Түүнийг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх ч мэдээлэл буй.

Ц.Оюунгэрэл энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр  “Би АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Нэрээ татах талаар ямар нэгэн албан бичиг явуулаагүй. Харин хэд хэдэн хууль бус зүйл ажиглагдсан тул эсэргүүцлээ илэрхийлж байна.

1-т, АН-ын Дотоод сонгуулийн хорооны даргын гаргасан сонгуулийн  зарласан тов тогтоол бий. 2,3  тогтоол гаргасан ч сонгуулийн сурталчилгаагаа хэзээнээс эхлэх талаар тодорхой дурдаагүй. Нөгөө талаар өнөөдөр ийм арга хэмжээ болно гэдгээ нэр дэвшигч надад дуулгаагүй. Өөрөөр хэлбэл зарим нэг хүмүүст давуу байдал олголоо.

2-т, АН-ын ДСХны дарга И.Мөнхжаргалын надад илгээж байгаа албан бичигт дарагдсан тэмдэг ээдрээтэй байна. Учир нь энэ тэмдэг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн “Өдрийн сонин” –ын зараар хүчингүйд тооцов гээд зарлагадчихаж.

3-т, Энэ хүчингүйд тооцов гэдэг тэмдгийг ашиглаад “Хас банк”-д данс нээчихээд 93 сая төгрөгөө байршуул гэсэн. Намайг дэмжиж хандивласан дэмжигчдийнхээ өгсөн мөнгийг хууль бус зүйлд ашиглуулахгүй тулд мэдээлэл авах эрхийнхээ дагуу  “Хас банк”-наас тодруулга авахаар хандсан. Ийм бичиг явуулж байгаагаа И.Мөнхжаргалд хэлсэн, мэдэгдсэн.

Ингэхдээ хэрэв би энэ дансанд мөнгөө шилжүүлбэл залилангийн хэрэгт хамсаатнаар татагдах эрсдэл байна. Нөгөө талаар хүний мөнгийг хууль бус зүйлд зарцуулахгүй байх хариуцлага надад бий. Тиймээс хуулийн дагуу зайлшгүй нягталж, тодруулах зүйл гэдгээ илэрхийлээд хариу авах хугацаа өгөхийг хүссэн.

Одоогоор надад “Хас банк”-наас хариу ирээгүй байна. “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн зар үнэн эсэхийг хандах гээд сууж байна.

Хүчингүйд тооцсон тамга тэмдэг ашиглах нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт татагдан оролцохыг хүсэхгүй байна. Намынхандаа ч бас анхааруулсан. И.Мөнхжаргалд энэ талаар бүр гурван ч удаа анхааруулж хэлсэн. Гэтэл үүнийг мэдсээр байж, гэмт үйлдлийг туйлд нь хүргэж буй И.Мөнхжаргалын хүлээх хариуцлагыг хуваалцахыг хүсэхгүй байна. Дахин сануулж хэлэхэд би АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Гагцхүү хуулийн дагуу явагдах улс төрийн зарчмаар явагдах сонгуульд өрсөлдмөөр байна” гэжээ. 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!