Нийгэм

Хорт хавдартай тэмцэж буй П.Билэгсайхан: Хүнээс гуйж бус өөрийн хөдөлмөрөөр амьдрахыг хичээж байна

Ходоодны хорт хавдартайгаа тэмцэхийн сацуу хажуугаар нь мод, төмрөөр эд зүйлс урласнаа борлуулж амьдардаг нэгэн хөдөлмөрч эрхмийг энэ удаагийн ярилцлагаараа онцолж байна. Түүнийг П.Билэгсайхан гэдэг. Тэрбээр “Босоо Хөх Монгол” ТББ, болон хувиараа хөдөлмөрлөж байсан ч, жил гаруй хугацааны өмнө ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсноо мэдэж, цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болжээ

Улмаар эмчилгээ эхлүүлж, 2019 оны арваннэгдүгээр сард ходоод тайруулах хагалгаанд орсон аж. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй. Хүндхэн хагалгаанаас ердөө сарын дараа амьдрахаар зүтгэж, гараар хийхэд тохиромжтой зүйлсийг мод, төмрөөр урлаж, түүнийгээ борлуулж эхэлжээ

МИНИЙ ХУВЬД ЭНЭ ХӨЛ ХОРИО МАНАЙ ГЭР БҮЛИЙГ ЭРҮҮЛ МЭНД, САНХҮҮГЭЭР НЭЛЭЭН ХЯМРААЖ ЧАДЛАА

Юуны өмнө бидний ярилцлагын саналыг нааштай хүлээж авсанд тань баярлалаа. Таны, гэр бүлийн тань хувьд өнгөрөгч хөл хорио хэрхэн өнгөрсөн бэ

Миний хувьд энэ хөл хорио манай гэр бүлийг эрүүл мэнд, санхүүгээр нэлээн хямрааж чадлаа. Нэгт захиалга ирэхгүй, хоёрт гадаа хүйтэн гээд асуудлууд байлаа. Арга мухардахдаа өөрийнхөө группын мөнгөөр эм тариагаа аваад, эхнэрийнхээ группын мөнгөөр хоёулаа амь зуулга хийлээ шүү дээ

Шаардлагатай эм тарианд сард хэдий хэр мөнгийг зарцуулж байна вэ

Хөл хориогоор мөнгө муу байсан учир голчлон уламжлалт эмийн ургамлыг л ууж байлаа. Томограф, өвчин намдаах эмүүд бол үнэтэй шүү дээ. Нэг эм нь л 200-300 мянга болох нь бий. Боломжтой үедээ эмээ авч уугаад, бусад үед нь эмийн ургамлаар аргалж байна даа

Ам бүл хэдүүлээ вэ?

Би эхээсээ есүүлээ амьдардаг. Олуулаа. Амьдрал сайнгүй ч, нэгэндээ дараа болохгүй л амьдрахыг хичээцгээдэг. Миний хувьд эмээ, өвөө дээрээ өссөн л дөө. Уг гарал Дундговийнх. Харин одоо ханьтайгаа хоёулаа амьдардаг

Гэрийнхэнтэйгээ ойр харилцаатай байдаггүй гэж ойлголоо

Холбоотой байх ч, би тэднээсээ аль болох тусламж авахгүйг, амьдралд нь дараа болохгүйг хичээдэг. Одоо өөрөө яаж хийгээд болгоод байгаа учир “туслаач” гэдэггүй л дээ. Бие маань бүр дордвол гуйхаас л өөр аргагүй болох байхдаа

ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕЭР БИЕЭ ҮЗҮҮЛЭХЭЭР ХОТОД ИРЭЭД БУЦАЖ ЧАДААГҮЙ, МАШИНДАА ЕС ХОНОСОН

Нууц биш бол хань нь ямар учраас группд орсон юм бэ?

Хань маань сонсголын бэрхшээлтэй юм. Хоёулаа амьдрах гээд л тал талдаа зүтгээд байна. Хааяа бие өвдөхөөр хань маань сонсохгүй учраас түргэн дуудахад жаахан хүндрэлтэй. Тиймээс ханийнхаа дүүг дэргэдээ авсан. Гурвуулаа амьдарч байна даа.

Таны биеийн байдал одоо ямар байгаа вэ. Хяналтад байдаг

Тийм ээ. Хотод Хавдар судлалын эмнэлэгт хяналтад байдаг. Сая өнгөрдөг намар хорио цээрийн үеэр хотод биеэ үзүүлэх гэж очоод буцаж чадаагүй, машиндаа ес хоносон. Нэлээн даарч, яс янгинаж зутруухан л хэд хоногийг өнгөрүүлсэн. Одоо бол яах вэ, хөдөлж чадаж байгаа юм болохоороо захиалга олдвол энэ мод, төмрөөрөө юм хийж байна. Өвөл бол хэцүү. Ажлын байргүй учир захиалгаа гадаа хийх болдог. Тиймээс хурд, хүч саараад хүндрэлтэй. Хэрвээ ажлын хөрөөтэй болчихвол ажлын бүтээмж нэмэгдээд, ядрах нь багасах болов уу гэж бодож сууна. Багаж муутай учраас гараар юм хийхэд бага зэрэг хүндрэлтэй. Бусдаар зүгээр ээ

Хотод гацахдаа УОК-д учир шалтгаанаа хэлсэн үү

Хандаж болох бүхий л газарт нь хандаж үзсэн л дээ. Хэвлэлийн газраас хэд хэдэн сурвалжилга, мэдээлэл гарсны дараа нөгөөдөр нь гарах зөвшөөрөл өгч байсан. Одоо дараагийн хяналтад орох цаг нь болчихоод байгаа. Хөл хорио, коронавирус нь яадаг юм бол гэж бодож сууна

Та мод, төмрөөр бүтээл урлаад хэдий хэр хугацаа өнгөрч байна вэ

Жил орчим л болж байна. Өмнө нь эрүүл байхдаа уурхайгаас ирээд гагнуур сэлт  хийгээд болгодог байлаа. Өвчнөөс хойш л амьдралын эрхэнд мод, төмрөөр юмс хийж байна. Саяхнаас хорт хавдартай хүмүүст туслахаар ашигийн бус “Амьдрах итгэл, Хамтын хүч” ТББ байгуулсан юм. Одоо хуримтлал үүсгээд нэг жижиг сан байгуулах гээд ажиллаж байна. Өөртэйгөө адилхан санхүүгийн бэрхшээлтэй, өвчтэй, зовлонтой хүмүүст бага хэмжээний хүүгүй зээл олгох, бизнесийн эргэлтийн хөрөнгөд туслах зэргээр туслахыг хичээж байгаа

Эх сурвалж: Eguur.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!