Нийгэм

Филиппин улс сувилагчаар вакцин солих саналыг Британи, Герман улсуудад тавьжээ.

Хэрвээ Британи, Герман улсууд коронавирусийн эсрэг вакцин хандивлавал хариуд нь мянга мянган сувилагч ажиллуулахаар илгээх боломжтойг Филиппин улсын засгийн газрын төлөөлөгч Мягмар гарагт мэдэгджээ.

Британийн засгийн газар уг саналаас татгалзаж, хүн амаа өөрийн хүчээр дархлаажуулж дууссаны дараа илүүдэл вакцинаа бусад улс орнуудад хандивлах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдсэн байна.

Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Ази тивийн улсуудын нэг Филиппин эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа гадаадад гарч ажиллах хэмжээг жилд 5,000-аар хязгаарласан байдаг.

Тус улсын хөдөлмөрийн яамны гадаадад ажиллах хүч гаргах товчооны захирал Алис Висперас саяхан хэвлэлд ярихдаа хэрвээ Британи, Герман зэрэг улсууд зөвшөөрвөл дээрх хязгаарт баригдалгүйгээр нэмж сувилагч илгээх боломжтойг мэдэгджээ.

Ингэхдээ илгээсэн сувлиагчдыг нь болон эдгээр улсуудад хөдөлмөр эрхэлж байгаа Филиппиний иргэдийг вакцинжуулалтад хамруулах нөхцөл тавьсан байна.

Филиппиний сая сая иргэд гадаад улс орнуудад хөдөлмөр эрхэлж, жилд $30 тэрбум орчмыг ар гэртээ илгээж, улс орныхоо эдийн засагт нэмэр болдог.

Британийн засгийн газрын мэдэгдсэнээр тус улсын эрүүл мэндийн салбарт одоогоор Филиппиний 30,000 иргэн ажиллаж байгаа нь хангалттай тул нэмж ажиллах хүч авах сонирхолгүй гэжээ.

Одоогоор Герман улсын засгийн газар энэ саналд ямар нэг хариу өгөөгүй байна.

Филиппин улс 108 сая хүн амынхаа гуравны хоёр буюу 70 сая хүний дархлаажуулалтад 148 сая тун вакцин авахаар төлөвлөжээ.

Гэвч одоогоор ганц ч тун вакцин аваагүй байгаа ба энэ долоо хоногт Хятад улсаас тусламжийн шугамаар анхны вакцин нь ирэх юм.

Харин Британи, Герман улсууд нийлээд өнөөдрийн байдлаар 23 сая хүнийг вакцинжуулаад байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!