Нийгэм

“Гишүүд бэлэг тараах бус тэтгэвэр нэмэх нь чухал”

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар өнөөдөр/2021.01.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй, хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно” гэдгийг онцолсон юм.
Мөн “Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой түвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм. Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Мөн эмэгтэйчүүд, залуус улс төрд ороход хэт өндөр зардал, өртгийн босго болж буй нь маш том саад болж байна.
УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох ажилдаа, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улс орноо, аймаг дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй мөртлөө нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ цугласан татвараас янз бүрийн бараа бүтээгдэхүүнээр хишиг хүртээж буйгаас бид зоригтой салах ёстой. Аль болгон нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурч ирэх билээ. Иргэд маань ч биднээс нэг удаагийн бэлэг, гурил будаа, тавгийн идээ өгөөч гэж шаардаагүй байх. Харин тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна” гэв.
Тиймээс сөрөг хүчний төлөөлөл УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна. Үүнд,
УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдахыг хориглоно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!