Зөвлөгөө

Улаанбаатар хотын гудамж талбайг ЗӨВ нэршлээр нь дуудаж сурцгаая

Үндэсний Статистикийн Хорооны 2019 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 68.5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдран суудаг гэсэн тоо баримт гарсан. Гэвч иргэдийн дийлэнх хувь нь хотынхоо гудамж талбайн албан ёсны нэршлийг мэддэггүй нь харамсалтай.

Та бүхэнд бидний өдөр тутамдаа зорчдог арван онцгой гудамжны нэрийг хүмүүсийн буруу хэлж заншсан нэршилтэй нь харьцуулан хүргэж байна.

 

Гэхдээ юун түрүүнд гудамж гэх ойлголтыг зөв ойлгох хэрэгтэй. Нэг уулзвараас өөр нэгэн уулзвар хүртэлх шулуун (бага зэргийн хазайлт байж болно) замыг нэг бүтэн гудамж гэнэ. Гудамж нь хоёр зорчих хэсэгтэй буюу олон эгнээ бүхий замтай бол өргөн чөлөө болдог.

1. ЭНХ ТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ

Нийтийн нэршил: Төв зам

Урт: 9423.73 метр

Хаана: 1-р хорооллын Саппорогоос Чулуун овооны пост хүртэл

Онцгой: Нийтийн тээврийн “ноён” чиглэл Ч:01 зорчдог, нийслэлд уртаараа дөрөвдүгээр байранд ордог өргөн чөлөө.

2. СӨҮЛИЙН ГУДАМЖ

Нийтийн нэршил: Хүүхдийн 100 / Гэрэлт гудамж

Урт: 2396.74 метр

Хаана: Төмөр замын дээд сургуулиас УДЭТ хүртэл

Онцгой: Чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний газруудаараа баялаг, хүүхэд залуучуудын очих дуртай “Гэрэлт гудамж”.

3. АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ

Нийтийн нэршил: Хороолол 3, 4 эсвэл Өргөөгийн гудамж

Урт: 2337.72 метр

Хаана: Номин Плаза буюу Өргөө кино театраас ГССҮТ-ийн хойгуур үргэлжлээд Саппоро хүртэл

Онцгой: Өргөө кино театр, Emart болон бусад дэлгүүрүүд байрлана.

4. Л.ЭНЭБИШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ

Нийтийн нэршил: Хороолол 3, 4 эсвэл Ахуйн үйлчилгээ

Урт: 2290.37 метр

Хаана: Номин Плаза буюу Өргөө кино театраас Гандангийн хойгуур үргэлжлээд Баянбүрд хүртэл

Онцгой: Москва ресторан, 1,000 болон 10,000 нэрийн дэлгүүр, хуучнаар “Аз” хүүхдийн их дэлгүүр, Минж Плаза гэх мэт үйлчилгээний газруудаараа алдартай энэ гудамж бараг л Улаанбаатарын “Мёндун”.

5. ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ

Нийтийн нэршил: Зайсан руу явдаг гудамж / 120 мянгатын зам

Урт: 6164.52 метр

Хаана: Төв шуудангаас Энх тайваны гүүр даваад Богд хааны өвлийн ордны уулзвараар баруун эргээд Яармагийн гүүр хүртэл

Онцгой: Монгол ТВ цамхаг, Үндэсний номын сан, Хүүхдийн ордон, Наадам центер, Тэмээн цувааны хөшөө, АПУ, Интермед эмнэлэг, Мишээл экспо гээд томоохон газрууд энэ өргөн чөлөөнд байрлана.

6. НААДАМЧДЫН ЗАМ

Нийтийн нэршил: Нисэхийн зам / Яармагийн зам

Урт: 7934.3 метр

Хаана: Яармагийн гүүрнээс хуучин Чингис хаан нисэх буудал хүртэл

Онцгой: Хүннү молл, Энканто, Вива сити, Буянт ухаа спорт цогцолбор, Буянт-Ухаа агаарын замын боомт зэрэг байрлана.

7. ЦАГДААГИЙН ГУДАМЖ

Нийтийн нэршил: Зуун айл

Урт: 1650.25 метр

Хаана: СБД-ийн эмнэлгээс 32-ийн тойрог хүртэл

Онцгой: Тун олон барилгын материалын дэлгүүрүүд болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар бий.

8. НАМЪЯНЖУ ГУДАМЖ

Нийтийн нэршил: Халдварт / Sunday-тай гудамж / 13-р хороолол

Урт: 1215.85 метр

Хаана: Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэл

Онцгой: ХСҮТ, ХӨСҮТ, Аман хуур хороолол, Гёте сургууль, УБ их сургууль байдаг.

9. ХҮННҮГИЙН ГУДАМЖ

Нийтийн нэршил: Баянмонголын зам / Дүнжингаравын гудамж

Урт: 7830 метр

Хаана: MINT шөнийн цэнгээний газраас зүүн тийш хотхонуудын дундуур Дүнжингарав захын урдуур явсаар Амгалан өртөөний гарам хүртэл

Онцгой: “37-р точка” киноны нэгдүгээр ангийн авто замын зураг авалтыг хийсэн гудамж.

10. П.ГЭНДЭНГИЙН ГУДАМЖ

Нийтийн нэршил: Хуримын ордны зам / Шангри-лагийн гудамж

Урт: 507.45 метр

Хаана: Хүүхдийн ордноос Шангри-ла хүртэл

Онцгой: Хуримд оролцож буй өнгөлөг өнгөлөг машинууд, Шангри-ла руу орж гарч буй гоё гоё машинаар тасрахгүй.

Ингээд буруу хэлж заншсан гудамж талбайн албан ёсны нэршлүүдийг нь мэдэж авлаа. Одооноос “зөв” нэрээр нь нэрлэж хэвшье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!