Зөвлөгөө

Зөвлөгөө : Агаарын бохирдлоос өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалах арга

1.Агаарын бохирдол ихтэй үед гадагш гарахгүй байх

Бохирдол ихтэй үед цонхны хүрээ, хаалганы зай завсар зэргийг битүүмжилж тоосонцорт агаар барилгад орж ирэх урсгалыг багасгаж, бохирдол багатай үед гэрийн агаар сэлгэлтийг сайн хийх хэрэгтэй. Судалгаанаас харахад агаарын бохирдлын агууламж хамгийн бага үе нь ихэвчлэн үдээс хойш байдаг бөгөөд агааржуулалтыг энэ үед хийх нь илүү үр дүнтэй.

Агаарын бохирдол ихтэй намрын 10 сараас эхлэн хаврын 3 сар хүртэл гадагш гарахдаа чанартай, зориулалтын амны хаалт зүүж хэвших нь өөрийн эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Одоогийн байдлаар АНУ, Европын холбооноос баталгаажуулсан хүүхдэд зориулсан маск манай зах зээлд байхгүй тул аль болох шүүлтүүр сайтай маск сонгохыг зөвлөе. Худалдаанд буй бүтээгдэхүүнүүд дундаас хамгаалах чадвар хамгийн сайн амны хаалтууд дээр P99, N99, FFP3 болон P95, N95, FFP2 гэсэн тэмдэглэгээ бий. Мөн агаарын бохирдлоос хамгаалахад ороолт үр дүнгүй гэдгийг тодотгоё.

2. Агаар шүүгч хэрэглэх

Зах зээлд борлуулагдаж буй агаар шүүгчид үзүүлэлт, хэрэгцээнээсээ шалтгаалаад харилцан адилгүй үр дүнтэй. Эрэлт хэрэгцээг дагаж бий болсон хуурмаг бүтээгдэхүүнүүд олон байдаг тул ХЕПА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг сонгох нь зүйтэй.

Ингэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, техникийн үзүүлэлтүүд, тухайн агаар шүүгчийн хүчин чадал байрлах өрөөнийхөө эзлэхүүнтэй тохирч байгаа эсэхийг шалган, авсан тохиолдолд зааврын дагуу шүүлтүүрийг байнга сольж байх хэрэгтэй. Үүнээс гадна зөвхөн агаар шүүгчдээ найдалгүй цонхондоо ч давхар шүүлтүүр тавиулбал илүү үр дүнтэй юм. Ажлын шаардлагаар өдрийн багагүй хугацааг замд өнгөрүүлдэг бол машиндаа ч мөн адил ХЕПА шүүлтүүр суурилуулаарай.

Хэрвээ та бэлэн төхөөрөмж худалдан авах боломжгүй бол хямд өртгөөр сэлбэгүүд аваад өөрөө ч угсраад хэрэглэж болно. (Шүүлтүүрээ сэнсний хайрцагны урд талд суурилуулна.)

3. Хоол тэжээл

Шим тэжээллэг, илчлэг сайтай хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншсанаар агаарын бохирдлын сөрөг нөлөөг зохицуулах, бууруулах боломжтой. Судалгаанаас харахад дугуйн спортын тамирчдад антиоксидант C, E витаминыг хэрэглүүлэхэд хүчилсэн амьсгалын нийт багтаамжид үзүүлэх озоны цочмог нөлөөллөөс тодорхой хэмжээнд хамгаалж байжээ.

Агаарын бохирдлоос хамгаалахын тулд бид хоол хүнсээрээ дамжуулан С, А витаминуудыг аньс, нэрс, хад, чацаргана, цангис, мойл зэрэг зэрлэг жимсээс, Е витаминыг бууцай, цэцэгт байцаа, буйлс, газрын болон ойн самар, наран цэцгийн үрээс, Омега 3-ыг загас, навчит ногоонууд зэргээс тус тус авах боломжтой.

Харин хүүхдийг хамгийн багадаа эхний зургаан сар хүртэлх хугацаанд зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосноор шаардлагатай шим тэжээлийг хангалттай өгөх боломжтой ба энэ нь агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг хамгийн үр дүнтэй, шилдэг арга юм.

4. Дархлаажуулалт

Өөр нэг чухал хамгаалалт бол хүүхдээ хэрэгцээт вакцинд тухай бүрд хамруулах. Уушгины хатгалгаанаас сэргийлэх вакцин (ПЭВ-13) болон улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулж байгаарай. УХВ13-аар дархлаажуулах нь урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг юм.

Энэ мэтчилэн та бид агаарын бохирдлоос сэргийлэх цөөнгүй аргыг туршиж судлан, амьдралдаа үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадвал тэр л бидний ирээдүйдээ оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт болох юм.

Эх сурвалж : https://unread.today/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!